Оршил
1-р бүлэг Салаа зам
Нярай үе
Уламбаяр хорвоод мэндлээд 3 сар л болж байна. Түүний нүд хэдийгээр орчин тойрноо насанд хүрсэн хүнтэй адил тодорхой харж чадахгүй ч эргэн тойрны бүх л зүйлс сонирхолтой. Аав Базараа үе үе мөлхөн ирж хүүгийн нүүр рүү харан өөрөө ч ярьдаггүй сонин хэлээр хүүтэй ярьж, нүүр амаа янз бүр болгоно. Ээж Долгорсүрэн бас л адил ойлгомжгүй хэлээр ярьна. Уламбаяр тэр хоёрыг одоо хараад танидаг болсон ч, хараахан ярьж чадахгүй учир дөхөөд ирэхээр нь инээмсэглэх төдий л харилцана. Одоогоор Уламбаяр ярих бүү хэл сайн бодож ч чадахгүй. Унтах л чухал. Хурдхан өсөж, том болоод хүн шиг хүн болохын тулд аль болох их унтах л хэрэгтэй. Хүү унтах үедээ олон янзын дүрс зүүдэлнэ. Аав, ээжийнхээ царайг, үе үе дөхөн ирж үнсэж үнгэх эмээгийн үрчгэр царайг, толгой дээр нь унжих шажигнадаг тоглоом гэх мэт өдөр нь харсан бүх л зүйлээ зүүдэндээ давтан харна. Энэ нь хүүг орчлон, ертөнцийн элдэв янзын өнгө, дүрс, дуу чимээг хооронд нь ялгадаг болоход чухал үүрэгтэй. Хүү унтсаар л, өдрөөр биш цагаар өссөөр. Бяцхан биед нь эсийн хуваагдал, нөхөн төлжилт гэрлийн хурдаар явагдах аж. Өдөр хоног өнгөрсөөр нэг мэдэхэд Уламбаяр мөлхөдөг болсон байлаа. Одоо Уламбаяр пижигнэтэл мөлхөнө. Гэрт буй бүх л өнцөг, буланд очиж гар хүрч үзээгүй газар, эд тавилга гэж үгүй. Түүний энэ агуу том судалгааны ажлыг саатуулдаг ганц л зүйл бий. Энэ бол нөгөө л улиг болсон унтаж амрах үйл явц. Гэсэн хэдий ч Уламбаяр унтаж байхдаа ч судалгаагаа үргэлжлүүлнэ. Зүүдэндээ аав, ээжийнхээ инээж, уурлаж буй царайг харьцуулна. Эмээгийнхээ хөгшин царайг, аав, ээжийнхээ залуу царайтай харьцуулна. Аавынхаа эршүүд төрхийг, ээжийнхээ намбалаг төрхтэй харьцуулна. Хүү хүний хамгийн энгийн сэтгэхүйн үйлдэл болох ангилах үйлдлийг ийнхүү онолын төвшинд сурч байгаа нь тэр.
Цэцэрлэгийн анхны өдөр
Уламбаярыг аав нь хувцаслаж дуусаад газраас метрийн хагаст ч хүрэхгүй зайд буй Уламбаярыг шууд метр хагас гаруй өндөр рүү өөрийн мөрөн тус газраа аван аваад гарлаа. Уламбаяр хүү иймэрхүү үе үеийн огцом нисэлтийг аль хэдийн ажрахаа больжээ. Том хүний гараар хийгдэж буй ийм нисэлтүүдийг Уламбаяр анх төрсөн цагаасаа хойш хийж гаршжээ. Заримдаа өөрийнхөө жижигхэн алхамаар зам туулах залхуутай санагдсан үед гараа өргөн уйлагнахад л хүчирхэг гар хүрч ирэн түүнийг секундэнд л агаарт хөөргөж, туулах замыг нь 20 дахин хурдлуулна. Яг л ийм гайхамшигтай хурдаар алхсаар Уламбаяр цэцэрлэгийнхээ хаалгаар орлоо. Хүү өөрийг нь энд орхиод явчихна гэж даан ч санахгүй байгаа учир их л баяр баясгалантай орчноо харна. Өөртэй нь адилхан бяцхан хүмүүс энэ байшинд дүүрэн харагдах аж. Аав нь бас нэг аварга хүнтэй юм яриад эхэллээ. Тэр аварга хүн хүүгийн нүүр рүү ойртож харсанаа учиргүй инээж эргээд аавтай нь юм ярих аж. Хүүгийн нүдэнд аварга хүн болж харагдаад байгаа энэ цэцэрлэгийн багш уг нь намхан нуруутай энгийн нэг бүсгүй л юм санж. Харин Уламбаярт бүх л юм аварга том санагдана. Хэсэг хугацааны дараа аав нь Уламбаяр руу хандан "За ингээд багштайгаа ангидаа ор" гэчихээд цаашаа алхан одлоо. Уламбаяр юу болоод байгааг сая л ухаарч аавынхаа хойноос байдаг чадлаараа хашгиран уйллаа. Тэр аварга багшаас айсандаа ч биш, хөөрхий хүү анх удаа аавдаа ингэтлээ гомдож байгаа юм санж. Хүү хэсэг хугацаанд уйлах аядсан боловч эргээд орчин тойрныхоо хачин зүйлсийг ажиглаж эхэллээ. Энд тэндгүй баацагнан алхах хүн дүрстнүүд, хөглөрсөн тоглоомнууд Уламбаярт гэрт байдгаас нь нэг л өөр, сонин сэтгэгдэл төрүүлж байлаа. Бяцхан найзууд үе, үе бие биенээ хөөрхөн шоглоно. Шоглох ч гэж дээ нэг нь нөгөөгийнхөө толгой дээрх даахирсан хэдэн үснээс нь сонирхоод татаж үээх юм. Нөгөөх нь ямар ч гэм хийгээгүй мөртлөө шийтгүүлж байгаадаа жигтэйхэн гомдолтой уйлна. Шоглож байгаа нь ч тэр, шоглуулж байгаа нь ч тэр юу хийгээд байгаагаа ойлгохгүй. Эргээд ухаан орсон үедээ санах ч үгүй.
Цэцэрлэгийн сүүлчийн өдөр
Иймэрхүү хүн дүрстнүүдийн дунд өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд Уламбаяр хүү цэцэрлэгийн ахлах ангид орсон байлаа. Одоо бол Уламбаяр тоолж чадна. Өнгө, дүрс ялгаж чадна. Зураг зурна, дуу дуулна, хүсвэл бүжиг ч бүжиглэчихнэ гэж байгаа. Ангийнхаа бол атмаан. 6 настай Дэрмээг нэг өдөр үснээс нь зулгааж уйлуулснаас хойш бусдыгаа уйлуулах аргыг олж нээсэн гэж байгаа. Бусад хүн дүрстнүүд Уламбаярт сайн дураараа тоглоомоо авчирч өгнө. Ийнхүү хүний нийгэмд байдаг хүч чадлын зиндааны системийн анхны ойлголт энэ насанд аль хэдийн бүрдэж эхэлсэн байдаг аж. Уламбаяр санамсаргүй олж нээсэн үс зулгаах аргаа ашиглан энэ зиндаанд байр суурь олж авчээ. Нэг өдөр ангийнхаа атмааныг хийгээд байж байтал аав, ээж хоёр нь нэлээд эрт хүрээд ирлээ. Тэд Уламбаярыг хувцаслаж аваад багштай нь нэлээд удаан юм ярилаа. Уламбаяр аварга хүмүүс хоорондоо яагаад ингэж удаан ярьдаг болохыг ойлгодоггүй байлаа. Тэд нэг яриад эхэлчихвэл Уламбаяр хүүд хэдэн зуун жил өнгөрөх шиг л санагдана. Ашгүй нэг юм "Баяртай" гэх чихэнд чимэгтэй үгс солилцсоор Уламбаяр аав, ээжтэйгээ гарч гэрийн зүг алхалаа. Тэр орой нь аав, ээж хоёр нь нэг сонин хувцас бэлдчихсэн Уламбаярт өмсүүлж үзээд л байх юм. Тэгээд нэг цүнх, баахан өнгийн харандаа, хичээлийн хэрэгсэл гаргаж ирээд л Уламбаяр руу нэг хараад, хоорондоо нэг юм яриад ингэс тэгэс хийсээр тэр орой дууслаа.
2-р бүлэг
Замын дунд
3-р бүлэг
Үйлийн үр
Төгсгөл